2.13.2008

Хувь хүн байх урлаг

хувь хүн мөн эсэхийг нь тодорхойлдог шинжүүд;

  • Би өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжтэй бөгөөд өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чадна.

  • Би буруу зүйлийнхээ төлөө бусдаас уучлал гуйж, бусдын өмнө хариуцлага хүлээж чадна.

  • Би бие даан сэтгэн бодож, бие даан шийдвэр гаргаж чадна.

  • Би буруу бодож, санаж байсан бол өөртөө болон бусдын өмнө буулт хийж бодол, санаагаа өөрчилж чадна.

  • Би алдаа гаргаж болох боловч гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээж чадна.

  • Би үнэхээр мэдэхгүй зүйл дээрээ “мэдэхгүй” гэж хариулж чадна. Энэ нь “мэддэг” гэж худлаа хэлээд алдаа гаргахаас хавьгүй дээр.

  • Би бусдаас хараат бус байж, өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөж чадна.

  • Би логикт баригдалгүйгээр, эрс шийдэмгий алхам хийж чадна.

  • Би бусдад “Би чамайг ойлгохгүй байна” гэж хэлж чадна. Энэ нь илүү сайн ойлголцоход хамгийн хэрэгтэй.

Хүмүүсийн харилцаа хар цагаан энерги дагуулж байдаг

Судалгаанаас үзэхэд дотны найз нөхөд бие биеэ хэт шүүмжлэх, доромжлох, дээрэлхэх, үл тоомсорлох зэргээс тэдний харилцаанд ан цав гардаг байна.

Шүүмжлэх. Зарим хүн хэн нэгнийхээ зан байдал, авир араншинг онцлон шүүмжилдэг. Жишээ нь “Чи ёстой амиа бодсон, бэртэгчин амьтан. Хэзээ ч бусдыг бодно гэж байхгүй”.

Доромжлох. Зарим улс хэн нэгийгээ төрх байдлаар нь доромжилдог. Тоглоом, шоглоомоор ч гэсэн найзынхаа бие галбир, өө согогийг бүү дайрч хэлээрэй.

Дээрэлхэх. Ухаантай хүн өөдөлж дэвжих тусам бусдыг илүү их хүндэлж харьцдаг. Гэтэл зарим нь өөрийн давуу байдлаараа далимдуулан нөгөөгөө үгүйсгэдэг. “Арчаагүй гэдэг нь”, “Хохь чинь, заяа чинь тэр” гэх мэт үгээр найз нөхрийнхөө сэтгэл рүү ус цацдаг.

Үл тоомсорлох. Хэн нэгнийг үл тоож, харилцахаас зайлсхийж, түүнийг ярихад өөр зүйл хийх. Эсвэл өөр өрөө рүү орох, телевиз үзэх, хөгжим сонсох зэрэг байдал гаргах нь туйлын бүдүүлэг зан авир юм. Найз нөхдийн харьцаа илэн далангүй, чин сэтгэлийнх байх нь зөв. Гэхдээ илэн далангүй, шударга байгаа нь тэр гэж хүнийг дайрч доромжилж хэрхэвч болохгүй. Хэрэв үнэхээр ямар нэгэн зүйл / найзын/ танд таалагдахгүй байгаа бол шүүмжлэхээс илүү бодитой туслахыг хичээ. Энэ нь үр дүнтэй. Хүний хоорондох харьцаа бол хар, цагаан энерги дагуулж явдаг их нарийн зүйл болохыг санаарай.